Николас Поппе: Дуртгал

Николас Поппе: Дуртгал

Regular price
Sold out
Sale price
$20.00

Хамгийн агуу Монгол судлаачдыг хуруу даран тооч хэмээвээс (хэдийгээр эрдэмтдийг тамирчид адил зэрэглэн, уралдуулж болохгүй ч гэлээ) Николас Поппе гарын таван хуруунд багтах нь эргэлзээгүй.

Угсаа гарал нь Герман, харин өөрөө Хятадад төрсөн, Хаант Орос улсад өсөж боловсрохдоо Монголыг судлаач эрдэмтэн болсон, Зөвлөлт Холбоот Улсын хамгийн залуу академичдын нэг болж явсан, 2-р дайны үед болон дайны дараа Германд ажиллаж асан, дараа нь АНУ-д дүрвэн ирж тэнд Монгол судлалыг үндэслэсэн энэ их эрдэмтэн урт удаан амьдрахдаа Боксерын бослого, Орос-Японы дайн, Дэлхийн 1-р дайн, Оросын иргэний дайн, Октябрийн хувьсгал, Сталины хэлмэгдүүлэлт, Дэлхийн 2-р дайн, Хүйтэн дайн гээд түүхийн олон чухал, бас хүний амь насанд халгаатай үйл явдлын амьд гэрч болжээ. Коммунист систем тогтохын эхлэл болсон Октябрийн хувьсгалыг дөнгөж өрнөж байхад Петроградын гүүрийг улаантнуудаас хамгаалахаар буу барин зогсож байсан залуу Николай далан жилийн дараа тэрхүү тогтолцоо нуран унахад ч гэрч нь болон эрдмийн ажлаа туурвисаар байлаа. Харамсалтай нь тэрбээр эх орондоо эргэн ирж чадаагүй юм.
Харьцуулсан Алтай хэл шинжлэлийг үндэслэж, Монгол хэл судлалыг шинэ шатанд үсэргэн гаргасан энэхүү агуу эрдэмтний амьдрал адал явдал, аюулаар дүүрэн байсан шигээ бүтээл туурвилаар арвин байлаа.

Түүний “Дуртгал”-ыг инээсэн газар нь Поппетой хамт инээж, харуусмаар хэсэгт нь түүн лүгээ гуньсаар, уншиж дуусангуутаа л эрхэм Монгол уншигч танаа хүргэхийг зорьсон юм.
Орчуулгаа аль болох Н. Поппегийн хүүрнэн өгүүлж буй хэл найруулгад ойртуулахыг хичээн хийлээ. Зарим газар хаалтан дотор зохиогчийн өөрийнх нь тайлбар буй, харин зарим газар Монгол уншигч танаа зориулан орчуулагч миний бие өөрөө тайлбар нэмсэн зүйл буй, түүнийхээ ард (Орч.) хэмээн тавьсан болно.

Номын зураг баахан бүдэг бадаг болсонд хүлцэл өчье. Уг эх зургууд нь одоо Поппегийн хүү, Ванкүвэр дахь Британын Коламбын Их Сургуульд слав хэлний профессор байгаад тэтгэвэртээ гарсан Николас Поппед хадгалагддаг юм байна. Түүнтэй би утсаар ярьсан, тэрбээр чухам тэр номын зургуудыг аль хэмээн олох, бас илгээх нь хэцүү байгаад уучлал хүсээд харин аавынхаа номыг монгол хэлээр гарах гэж буйд ихэд баярлан, монгол уншигч танаа мэнд дамжуулсныг энэ завсар хүргэсү.

Оюутан ахуй цагаасаа амьдралынх нь үүх түүхээс сонсож, бүтээл номыг нь шимтэн уншиж, шүтэн биширч явсан эрдэмтнийхээ “Дуртгал”-ыг Монгол хэлээр орчуулан танд хүргэж байгаадаа сэтгэл минь машид хангалуун байна.

Номын буян дэлгэрэх болтугай.

2008 оны 4 дүгээр сар 21
Вашингтон Ди Си хот, АНУ
Мягмарын Саруул-Эрдэнэ